МЭДЭЭ


 

САЙД Г.ЗАНДАНШАТАР АОХН-ИЙН УУЛЗАЛТАНД ОРОЛЦОВ

2010 оны 7 дугаар сарын 6. Мягмар 

 

  

             Гадаад харилцааны сайд Г.Занданшатар Краков хотноо 7 дугаар сарын 2-4-нд болсон Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг /АОХН/-ийн өндөр түвшний уулзалтанд оролцов. Энэхүү уулзалт нь АОХН-ийн 10 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог болов.

 Уулзалтын үеэр болсон сайд нарын түвшний хуралдаан дээр ГХ-ны сайд Г.Занданшатар үг хэлэхдээ ардчиллыг бэхжүүлэх үйлсэд сайн засаглал чухал болох, ардчиллыг хөгжүүлэхэд тохиолдож буй бэрхшээлүүд, даван туулах арга зам, ардчиллын төлөөх үйл ажиллагааг эрчимжүүлэхийн ач холбогдлыг онцлон тэмдэглэв. Манай төлөөлөгчид Парламентийн гишүүдийн хуралдаан, Ардчиллын төлөө залуу дипломатчидын хуралдаан, Иргэний нийгмийн асуудлаархи хуралдаан болон бусад олон удаагийн уулзалт, арга хэмжээнүүдэд оролцож, санал солилцон, үг хэлэв.
 
Түүнчилэн Сайд нарын уулзалт дээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон ардчиллын үйл явцад оруулах иргэний нийгмийн байгууллагуудын үүрэг роль, иргэний нийгмийг чадавхжуулах, хамгаалах, хариуцлагатай Засгийн газар, төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаа, эдийн засгийн хямралыг даван туулах, иргэдийн эрх чөлөө, жэндерийн асуудал, мөн ардчиллыг хөгжүүлэхэд НҮБ, бусад олон улсын байгууллагууд болон улс хоорондын идэвхитэй хамтын ажиллагаа чухал болох талаар ярив.
 
Энэ удаагийн өндөр түвшний уулзалтын үеэр парламентын гишүүдийн чуулга уулзалт, залуу дипломатчдын уулзалт болж, ардчиллын төлөөх бизнесийн хүрээнийхний чуулга уулзалт эхлүүлэхийг санаачлан зохион байгуулав. Парламентчдийн чуулга уулзалтаас гаргасан баримт бичигт Гадаад харилцааны сайд Г.Занданшатар гарын үсэг зурав.

Сайд Г.Занданшатар Канадын Гадаад хэргийн сайд Л. Каннон, Литвийн Гадаад хэргийн сайд А. Азубалис, АОХН-ын Байнгын нарийн бичгийн дарга нарын Газрын захирал Проф. Б.Миштал нартай уулзалт хийж, хоёр талын талын болон олон талт хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцов. 

Манай улс ирэх оноос АОХН-ийг 2 жилийн хугацаанд даргалан ажиллах юм.  

 


БНПУ-ЫН ГХ-ИЙН САЙД Р.СИКОРСКИ ХҮЛЭЭН АВАЛТ ХИЙВ

2010 оны 6 дугаар сарын 28. Лхагва

 
Монгол, Польшийн хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тохиолдуулан БНПУ-ын Гадаад хэргийн сайд Р.Сикорски 2010 оны 6 дугаар сарын 28-нд ГХЯ-ны Ёслолын Ордонд хүндэтгэлийн хүлээн авалт хийв.
 
            Хүлээн авалтын үеэр БНПУ-ын Гадаад хэргийн сайд Р.Сикорски болон Монгол Улсаас БНПУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд О.Дамбийням нар харилцан баяр хүргэж үг хэлэв.
 
БНПУ-ын Гадаад хэргийн сайд Р.Сикорски хэлсэн үгэндээ “1989 онд эхлэсэн ардчилсан өөрчлөлт, шинэчлэлтийн туршлага нь хоёр орны хоорондын харилцааг нягтруулсныг” цохон тэмдэглээд Монголчууд хүний эрх, эрх чөлөөг хамгаалан хөгжүүлэх, түүний хэм хэмжээг дээшлүүлэх, зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэх чиглэлд Польштой нягт хамтран ажиллаж ирсэнд баяртай байгаагаа тэмдэглэв.
 
Элчин сайд О.Дамбийням “Монгол Улс нь харилцаа, хамтын ажиллагаандаа Польш Улсыг дотны нэгэн түншээ гэж үздэг бөгөөд байнга найрсаг сэтгэлээр хандаж ирсэн”-ийг тэмдэглэн хоёр талын харилцааг бүхий л салбарт өргөтгөн хөгжүүлэхийг уриалав. Тэрээр Монгол Улсын Засгийн газраас сүүлийн жилүүдэд боловсруулаад байгаа дэд бүтцийг хөгжүүлэх томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд Польшийн тал хөрөнгө оруулж оролцох, зээл тусламж олгох, Европын Холбоотой хамтран олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх бололцоотойг онцлон дурдав.
 
Хүлээн авалтад Польшийн ЕТГ, Парламент, ГХЯ, ЭЗЯ, БОЯ, БХЯ-ны удирдлага, ажилтнууд, төр, засгийн бусад байгууллагын төлөөлөгчид, ЭСЯ-ны ажилтнууд, хоёр талын бизнес эрхлэгчид, иргэдийн төлөөлөгчид оролцов.


УИХ-ЫН ДЭД ДАРГА Н.ЭНХБОЛД ПОЛЬШИД АЙЛЧЛАВ

2010 оны 6 дугаар сарын 26. Даваа

 
УИХ-ын дэд дарга Н.Энхболд тэргүүтэй төлөөлөгчид 6 дугаар сарын 20-24-нд Польшид айлчлав. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд УИХ-ын дэд дарга Н.Энхболдын гэргий Д.Даваамаа, Улсын их хурлын гишүүн Д.Одбаяр, Д.Очирбат, ТГ-ын ажилтан Г.Булган нар байв.
 
Айлчлалын үеэр Гданьскийн хөлөг онгоцны үйлдвэрийн амь үрэгдсэн ажилчдын дурсгалын хөшөөнд Н.Энхболд дарга цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэв. Цэцэг өргөхөд Польшийн Эв санааны нэгдэл үйлдвэрчний эвлэлийн домогт удирдагчдын нэг болох БНПУ-ын Сенатын Маршал Богдан Борусевич оролцов.
 
Төлөөлөгчид БНПУ-ын Сенатын дэд Маршал Марек Жиолковски, Сеймын Дэд Маршал Стефан Нешиоловски, Сеймийн Гадаад харилцааны байнгын хорооны дарга Анджей Халицки, Парламент дахь Польш-Монголын парламентын бүлгийн дарга, Сенатор Станислав Горчица болон бүлгийн гишүүдтэй уулзав. Уулзалтуудын үеэр парламент хоорондын харилцаа, хоёр талын болон олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцож тодорхой асуудлуудыг ярилцав.
 
Польшийн тал Улаанбатар дахь Элчин Сайдын Яамаа хаасан тухай асуудлыг УИХ-ын дэд дарга Н.Энхболд уулзалтын үеэр хөндөн ярьж, дахин нээхэд Парламентын зүгээс дэмжлэг үзүүлэхийг хүсэв.
 
Мөн түүнчлэн төлөөлөгчид Польш улсад ажиллаж амьдарч буй монгол иргэдтэй уулзаж, тэдний санал бодлыг сонсон, сонирхсон асуултуудад дэлгэрэнгүй хариулт өгөв.
 
Варшав дахь Монголын ЭСЯ-наас төлөөлөгчдийн айлчлалтай холбогдуулан зохион байгуулсан хүлээн авалтад Польшийн парламент, Гадаад харилцааны яам, Эрүүл мэндийн яам болон бусад байгууллагын төлөөлөгчид, Польш дахь Монголчуудын холбоо, иргэдийн төлөөлөл оролцов. 

 

 

                                  

ПОЛЬШИЙН БАГ ТЭРГҮҮЛЭВ

2010 оны 5 дугаар сарын 25. Мягмар 

БНУУ-ын нийслэл Будапешт хотноо 2010 оны 5 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд болсон Европын Холбооны орнуудад амьдардаг монголчуудын дунд зохиогддог Ахмад сагсан бөмбөгчдийн цомын II дахь удаагийн тэмцээнд Польшийн баг тамирчид амжилттай оролцоод ирлээ.

 Тэмцээнд Герман, Чех, Польш, Унгар улсад ажиллаж, амьдардаг монголчуудын эрэгтэй 6, эмэгтэй 3 баг оролцсоноос С.Батгэрэл ахлагчтай манай эмэгтэйчүүдийн баг түрүүлж алтан медаль, шилжин явах цомын эзэн боллоо. Мөн Д.Энхбаатар ахлагчтай эрэгтэйчүүдийн баг 3 дугаар байранд орж хүрэл медаль хүртжээ.


ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ  60 ЖИЛИЙН ОЙГООР Б.КОМОРОВСКИД БАЯР ХҮРГЭВ

2010 оны 5 дугаар сарын 14. Баасан

   Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  Польшийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, Сеймийн Маршал Б.Коморовскид баяр хүргэж, цахилгаан утас ирүүлэв.

Уг цахилгаан утсанд манай хоёр оронд ардчилсан хувьсгал өрнөж, эрх чөлөөт, ардчилсан нийгэм байгуулах эхлэлийг тавьсаны  20 жилийн ойтой энэхүү түүхэн 60 жилийн ой давхцаж байгааг билэгшээж байна гэж онцлон тэмдэглэжээ.

 


МЭДЭЭНИЙ АРХИВ

* Польш дахь Монголчуудын Холбооны нэрэмжит цом булаалдах тэмцээн болж өнгөрөв

* Япон Улсын иргэд визгүй зорчих боллоо

* Баярын захидал ирүүлэв 

* УИХ-ын дэд дарга Н.Энхболд БНПУ-ын Ерөнхийлөгч Л.Качиньска, Тэргүүн хатагтай М.Качиньска нарын оршуулах ёслолд оролцлоо

* Эмгэнэл илэрхийлэв

* Элчин сайд Хэвлэлийн Бага Хурал хийв

* Польшид Монголын өдөрлөг болов

* Элчин сайд О.Дамбийням Итгэмжлэх жуух бичгээ Эстони Улсын Ерөнхийлөгч Тоомас Хэндрик Илвест барив.  

* Элчин сайд О.Дамбийням Итгэмжлэх жуух бичгээ БНПУ-ын Ерөнхийлөгч Лех Качиньскид барив

Буцах үнэмлэх Гэрчилгээ Паспорт Бүртгэл Нотариат Орчуулга МУ-ын харъяатын асуудал
Бүрэлдэхүүн Өргөмжит консул Байршил
Дээд хэмжээний айлчлал Монголын элчин сайдууд Польшийн элчин сайдууд Баримт бичгүүд Худалдаа
Дээд хэмжээний айлчлал Монголын элчин сайдууд Украины элчин сайдууд Баримт бичгүүд Худалдаа
Буцах   •   Нүүр   •   Санал Хүсэлт   •   Top
Copyright © 2007 Mongolian Embassy in Poland
Projekt i wykonanie www.webprofil.pl